Үндсэн хөрөнгийн бүртгэл, элэгдэл тооцох аргууд, элэгдлийн бүртгэл

Нийтэлсэн 20/09/2018 2018, Таны мэдлэгт

Үндсэн хөрөнгийн бүртгэл

Үндсэн хөрөнгийн тухай ойлголт, ангилал, анхны өртөг бүрдэлт

Бүтээн босголтын үеийн хүүний капиталжуулалт

Үндсэн хөрөнгийг актлах, худалдах, солилцох үеийн бүртгэл

Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох аргууд, элэгдлийн бүртгэл

Үндсэн хөрөнгийг дахин үнэлэх үеийн бүртгэл

Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох аргууд, элэгдлийн бүртгэл

Үндсэн хөрөнгийн анхны өртгийг ашиглагдах хугацааны туршид системтэйгээр хуваарилан зардалд шингээх үйл ажиллагааг элэгдүүлэх гэнэ. Сарын 01-нээс 15-ны өдрийн хооронд худалдаж авсан үндсэн хөрөнгийн элэгдлийг тухайн сарын эхэнд худалдаж авснаар тооцож байгуулна. Сарын 15-ны өдрөөс хойш худалдаж авсан үндсэн хөрөнгийн элэгдлийг дараа сарын эхэнд худалдаж авснаар тооцож байгуулна.

Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох дараах аргууд байдаг:

  1. Шулуун шугамын арга
  2. Үйл ажиллагааны арга (Бүтээгдэхүүний нэгжид ногдуулах арга)
  3. Жилүүдийн нийлбэрийн арга
  4. Үлдэгдлийг бууруулах арга
  5. Элэгдэл тооцох тусгай аргууд:

а. Бараа материалын арга

б. Хасах ба орлуулах арга

в. Бүлгийн ба нийлмэл арга

г. Нийлмэл хүүгийн арга

д. Холимог буюу хосолсон арга

  1. Шулуун шугамын арга

Энэ аргын үед үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацааны туршид тайлант хугацаа бүр тэнцүү дүнгээр элэгдэл тооцно. Шулуун шугамын аргаар газрын тохижуулалт, барилга, түрээсийн сайжруулалт, тавилга эд хогшлын элэгдлийн зардлыг тооцоход тохиромжтой.

Элэгдлийн зардлыг тооцоох томъёо нь:

Үлдэх өртөг гэдэг нь хөрөнгийн ашиглалтын хугацаа дуусахад уг хөрөнгөнөөс эргүүлэн ашиглах эсвэл борлуулж болох үнэ цэнэ юм. Анхны өртгөөс үлдэх өртгийг хассан дүнг элэгдүүлэх өртөг гэнэ.

Жишээ:

710,000₮-ийн анхны өртөгтэй 27,500₮-ийн үлдэх өртөгтэй, 50,000 машин цаг ажиллах хүчин чадалтай тоног төхөөрөмжийг 2001.01.10-нд худалдаж авсан. Тооцоолсон ашиглалтын хугацаа 6 жил. Уг тоног төхөөрөмжийн ажилласан цагийн талаарх дараах мэдээлэл өгөгдсөн.

2001 он 2002 он 2003 он 2004 он 2005 он 2006 он Нийт
8,000 м/ц 10,000 м/ц 11,000 м/ц 12,000 м/ц 5,000 м/ц 4,000 м/ц 50,000 м/ц

Даалгавар: Үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг тооцох:

Жил бүрийн элэгдлийн зардлыг бүртгэх журналын бичилт:

Дт Элэгдлийн зардал 113,750

Кт Хуримтлагдсан элэгдэл 113,750

  1. Үйл ажиллагааны арга

Энэ аргын үед тухайн үндсэн хөрөнгийн гүйцэтгэх ажлын нормыг харгалзаж элэгдэл тооцно. Хөрөнгийг их ашиглавал их, бага ашиглавал бага хэмжээний элэгдэл тооцно. Хөрөнгийн элэгдлийг ашигласан байдалд үндэслэн тооцдог тул элэгдэл тооцох бусад аргуудтай харьцуулахад орлого зардлыг сайн уялдуулдаг. Техник технологийн хоцрогдолд богино хугацаанд ордог хөрөнгийн элэгдлийг энэ аргаар тооцох боломжгүй. Үйл ажиллагааны аргаар үйлдвэрийн тоног төхөөрөмж, тооцоолох олшруулах машин, байгалийн нөөцийн элэгдэл хорогдлын зардлыг тооцоход тохиромжтой.

Элэгдлийн зардлыг тооцох томъёо:

Өмнөх жишээний өгөгдлийг ашиглан тоног төхөөрөмжийн элэгдлийн зардлыг үйл ажиллагааны аргаар тооцъё:

13.65₮-ийг жил бүр ажилласан машин цагаар үржүүлэн жил бүрийн элэгдлийн зардлыг тооцно:

Жил Нэг цагийн элэгдлийн зардал (I) Ажилласан машин цаг

(II)

Элэгдлийн зардал

(IЧII)

Хуримтлагдсан элэгдэл
2001 13.65 8,000 109,200 109,200
2002 13.65 10,000 136,500 245,700
2003 13.65 11,000 150,150 395,850
2004 13.65 12,000 163,800 559,650
2005 13.65 5,000 68,250 627,900
2006 13.65 4,000 54,600 682,500*
Дүн 50,000 682,500

682,500*=710,000-27,500

2004 оны 12-р сарын 31-ний баланс

Эргэлтийн бус хөрөнгө:

Тоног төхөөрөмж 710,000

Хуримтлагдсан элэгдэл (559,650)

Үлдэгдэл өртөг 150,350

Элэгдэл тооцоолох хурдавчилсан арга

Элэгдэл тооцоолох хурдавчилсан аргууд нь үндсэн хөрөнгийн ашиглалтын эхний жилүүдэд өндөр, сүүлийн жилүүдэд бага хэмжээний элэгдлийн зардал тооцдог. Техник технологийн хуучралд хурдан ордог хөрөнгийн элэгдлийг тооцдог. Ийм аргад жилүүдийн нийлбэрийн арга, үлдэгдлийг бууруулах арга хамаарна.

  1. Жилүүдийн нийлбэрийн арга

n-үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаа

i-өмнө нь элэгдэл тооцсон жил

Үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаа “n” гэвэл:

Тухайлбал 30 жилийн ашиглалтын хугацаатай хөрөнгө гэвэл жилүүдийн нийлбэр нь 465 ((30*31)/2) болно.

Өмнөх жишээний өгөгдлийг ашиглан тоног төхөөрөмжийн элэгдлийн зардлыг жилүүдийн нийлбэрийн аргаар тооцъё:

Жил Элэгдэх өртөг

(I)

Элэгдэл тооцох үе

(II)

Элэгдлийн зардал (I*II) Хуримтлагдсан элэгдэл
2001 он 682,500 6/21 195,000 195,000
2002 он 682,500 5/21 162,500 357,500
2003 он 682,500 4/21 130,000 487,500
2004 он 682,500 3/21 97,500 585,000
2005 он 682,500 2/21 65,000 650,000
2006 он 682,500 1/21 32,500 682,500
  1. Үлдэгдлийг бууруулах арга

Энэ аргаар элэгдэл тооцохдоо шулуун шугамын аргаар тооцсон элэгдэл тооцох хувийг ашиглана. Жишээ нь: үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаа 5 жил гэвэл шулуун шугамын аргаар тооцсон элэгдэл байгуулах хувь жилийн 20% (100/5 жил) байна. Хэрэв үлдэгдлийг давхар бууруулна гэвэл 20%-ийг 2-оор үржүүлнэ. Үлдэгдлийг 150% бууруулна гэвэл 20%-ийг 1.5-аар үржүүлж элэгдэл тооцох хувийг олно.

Өмнөх жишээний өгөгдлийг ашиглан тоног төхөөрөмжийн элэгдлийн зардлыг үлдэгдлийг давхар бууруулах аргаар тооцъё:

Элэгдэл тооцох хувь=100/6 Ч 2=33,33%

Жил Дансны үнэ жилийн эхэнд

(I)

Элэгдэл тооцох хувь

(II)

Элэгдлийн зардал

(I Ч II)

Хуримтлагдсан элэгдэл Дансны үнэ жилийн эцэст
2001 он 710,000 33.33% 236,643 236,643 473,357
2002 он 473,357 33.33% 157,770 394,413 315,587
2003 он 315,587 33.33% 105,185 499,598 210,402
2004 он 210,402 33.33% 70,127 569,725 140,275
2005 он 140,275 33.33% 46,754 616,479 93,521
2006 он 33.33% *66,021 682,500 27,500

*Элэгдүүлж дууссаны дараа 27,500₮ өртөг үлдэх ёстой тул 2006 оны элэгдлийн зардлыг олохдоо 2005 оны жилийн эцэс дэх дансны үнэ 93,521-ээс 27,500-г хасна.

  1. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох тусгай аргууд

Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох шулуун шугамын арга, үйл ажиллагааны арга, жилүүдийн нийлбэрийн арга, үлдэгдлийг бууруулах арга гэсэн ерөнхий арга байдаг талаар өмнө нь үзсэн. Зарим үндсэн хөрөнгийн өвөрмөц шинж, салбарын онцлог нь элэгдлийн тусгай арга хэрэглэхийг шаарддаг. Иймд зарим аж ахуйн нэгж, байгууллага үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох дээрх аргуудаас сонголт хийх боломжгүй байдаг. Элэгдэл тооцох дараах тусгай аргууд байдаг:

1 Бараа материалын арга

2 Хасах ба орлуулах арга

3 Бүлгийн ба нийлмэл арга

4 Нийлмэл хүүгийн арга

5 Холимог буюу хосолсон арга

  1. Бараа материалын арга

Энэ аргыг нэгжийн өртөг болон ашиглалтын хугацаа нь бага ажлын хувцас, багаж хэрэгсэл гэх мэт бага үнэтэй түргэн элэгдэх хөрөнгийн хувьд хэрэглэнэ. Тайлант хугацааны элэгдлийн зардлыг дараах томъёогоор олно:

Бараа материалын эцсийн үлдэгдлийг биет тооллогоор тодорхойлно.

  1. Хасах ба орлуулах арга

Хасах ба орлуулах арга нь тус тусдаа бие даасан арга юм. Эдгээр аргуудыг элэгдлийн тооцооллыг хялбарчлахын тулд төмөр зам, зам тээвэр, цахилгаан станц гэх мэт байгууллагуудад өргөн хэрэглэдэг. Эдгээр байгууллагууд нь газар зүйн хувьд өргөн уудам нутагт тархан байрласан төмөр зам, машин техник, цахилгаан дамжуулах утас, шонгийн мод, шугам хоолой гэх мэт олон төрлийн хөрөнгийг эзэмшиж байдаг. Эдгээр хөрөнгө нэг бүрээр элэгдэл тооцоход цаг хугацаа, зардал их шаардана. Хасах ба орлуулах аргын үед дээрх хөрөнгө тус бүрээр элэгдэл байгуулахгүй бөгөөд хуримтлагдсан элэгдэл дансыг ашигладаггүй.

Хөрөнгийн бүртгэлээс хасах үед тухайн хөрөнгийн элэгдлийн зардлыг бүртгэдэг. Хасах ба орлуулах аргын ялгаа нь эргэлтээс гаргаж буй хөрөнгийн өртгийг тодорхойлоход оршдог. Эдгээр аргуудын үед элэгдлийн зардал нь эргэлтээс гаргаж буй хөрөнгийн анхны өртгөөс үлдэх өртгийг хассантай тэнцүү.

Хасах аргын үед хөрөнгийг ашиглалтаас гаргах үед элэгдлийн зардлыг тооцох бөгөөд элэгдлийн зардал нь хамгийн эхэнд бүртгэгдсэн анхны өртгөөс үлдэх өртгийг хассантай тэнцүү байна. Өөрөөр хэлбэл, хассан хөрөнгийн өртгийг ЭАЭЗ аргаар тооцно.

Харин орлуулах аргын үед хөрөнгийг ашиглалтаас гаргасны дараа оронд нь шинэ хөрөнгө орлуулан суурилуулах үед элэгдлийн зардлыг тооцно.

Орлуулан суурилуулсан хөрөнгийн өртөг нь хассан үндсэн хөрөнгийн элэгдүүлэх өртөгтэй тэнцүү гэж үздэг. Орлуулах аргын үед хамгийн сүүлд бүртгэгдсэн хөрөнгийн анхны өртгөөс данснаас хасагдан орлуулагдаж байгаа хөрөнгийн үлдэх өртгийг хасч элэгдлийн зардлыг тодорхойлно. Өөрөөр хэлбэл, хассан хөрөнгийн өртгийг САЭЗ аргаар тооцно. Иймд орлуулах арга хэрэглэж байгаа үед ашиглалтаас хасагдсан хуучин хөрөнгийн анхны өртөг бүртгэлд үлддэг. Аль аль аргын үед үндсэн данснаас хасалтын олз гарзыг хүлээн зөвшөөрдөггүй.

Жишээ нь:

Хотын дулааны станц 100,000,000₮-ийн анхны өртөгтэй, 10 жил ашиглагдах хугацаатай дулаан дамжуулах хоолойг 2000 онд тавьсан. 2008 онд 20,000,000₮-ийн анхны өртөгтэй, 300,000₮-ийн үлдэх өртөгтэй хуучин хоолойг, 30,000,000₮-ийн анхны өртөгтэй, 400,000₮-ийн үлдэх өртөгтэй дулаан сайн барьдаг хоолойгоор сольсон. Ашиглалтаас гаргасан хуучин хоолойг гадагшаа борлуулдаг.

Хасах арга Орлуулах арга
1. Хоолой тавьсан (2000 он)

Дт ҮХ-дулаан дамжуулах хоолой 100,000,000

Кт Мөнгөн хөрөнгө 100,000,000

Дт ҮХ-дулаан дамжуулах хоолой 100,000,000

Кт Мөнгөн хөрөнгө 100,000,000

2. Хуучин хөрөнгийн данснаас хасалт (2008 он)

Дт Элэгдлийн зардал 19,700,000

Дт Бараа 300,000

Кт ҮХ-дулаан дамжуулах хоолой 20,000,000

Бичилт хийхгүй
3. Орлуулсан шинэ хөрөнгийн бүртгэл

Дт ҮХ-дулаан дамжуулах хоолой 30,000,000

Кт Мөнгөн хөрөнгө 30,000,000

Дт Элэгдлийн зардал 29,700,000

Дт Бараа 300,000

Кт Мөнгөн хөрөнгө 30,000,000

  1. Бүлгийн ба нийлмэл арга

Зарим тохиолдолд элэгдлийн тооцооллыг хялбарчлахын тулд ойролцоо ашиглалтын хугацаатай олон хөрөнгийг нийлүүлэн элэгдлийн нэг түвшин ашиглан элэгдүүлж болно. Бүлэг гэсэн нэр томъёо нь ижил шинж чанартай хөрөнгийн олонлогийг, нийлмэл гэсэн нэр томъёо нь ижил бус шинж чанартай хөрөнгийн олонлогийг илэрхийлнэ. Энэ 2 аргын тооцооллын арга зүй ерөнхий адилхан. Бүлгийн ба нийлмэл арга нь данс хөтлөх үйл ажиллагааг хялбарчилж элэгдлийн илүү эсвэл дутуу тооцололтоос гарах алдааг дундажлах буюу харилцан нөхдөг.

Жишээ нь:

“Цамхаг” компани 3 төрлийн тоног төхөөрөмжийг нэг бүлэг болгон бүлгийн аргаар элэгдэл тооцсон:

Хөрөнгө Анхны өртөг Үлдэх өртөг Элэгдүүлэх өртөг Ашиглалтын хугацаа Жилийн элэгдэл (ШША)
А тон төх (7 ш Ч 50,000₮) 350,000 50,000 300,000 3 100,000
Б тон төх (3 ш Ч 40,000₮) 120,000 20,000 100,000 4 25,000
В тон төх (2 ш Ч 80,000₮) 160,000 10,000 150,000 5 30,000
Дүн 630,000 80,000 550,000 155,000

Бүлгийн хөрөнгийн нэг жилийн элэгдлийг тооцохын тулд элэгдлийн дундаж хувийг тодорхойлох шаардлагатай.

Дээрх хувь нь жил бүр өртгийн хичнээн хувийг элэгдүүлэх вэ гэдгийг тодорхойлж байгаа юм.

Нэг жилийн элэгдэл=630,000*24.6%=154,980₮

Хэрэв хөрөнгийн дансанд өөрчлөлт гарахгүй бол уг бүлэг хөрөнгийг 3.55 жилийн туршид жил бүр 154,980₮-өөр үлдэх өртөг хүртэл элэгдүүлнэ. Нэг бүлэг болгон авч үзсэн хөрөнгөөс аль нэгийг нь бүртгэлээс хасах үед данснаас хасалтын олз буюу гарзыг хүлээн зөвшөөрөхгүй. Данснаас хасалтын олз, гарзыг хуримтлагдсан элэгдэл дансанд шингээнэ. Үүний тулд данснаас хассан хөрөнгийн анхны өртөг ба хүлээн авсан мөнгөний зөрүүгээр хуримтлагдсан элэгдэл дансанд бичилт хийнэ.

Жишээ нь:

2 ширхэг А тоног төхөөрөмжийг 2 жил ашигласны дараа 45,000₮-өөр худалдсан.

Дт Мөнгөн хөрөнгө 45,000

Дт Хуримтлагдсан элэгдэл 55,000

Кт А тоног төхөөрөмж 100,000

Энэ ажил гүйлгээний үр дүнд бүлгийн бүрэлдэхүүн өөрчлөгдөж байгаа учраас элэгдлийн зардал өөрчлөгдөнө. Уг ажил гүйлгээний дараах жилийн элэгдлийн зардал нь 130,380₮((630,000-100,000)*24.6%) болж өөрчлөгдөнө. Шинэ хөрөнгө нэмж худалдаж авбал элэгдэл тооцох дундаж хувийг шинэчлэн тогтооно.

  1. Нийлмэл хүүний арга

Энэ арга нь эхний жилүүдэд бага, харин сүүлийн жилүүдэд их хэмжээний элэгдэл байгуулдаг. Онолын хувьд нийлмэл хүүний аргыг санал болгодог боловч хязгаарлагдмал хүлээн зөвшөөрөлттэй байдаг. Өнөө үед энэ аргын хэрэглээ нь нийтийн үйлчилгээний салбаруудаах хязгаарлагдах болсон.

  1. Холимог буюу хосолсон арга

Шулуун шугамын арга ба үйл ажиллагааны аргыг хослуулан элэгдэл тооцдог арга юм.

Join the discussion 2 Сэтгэгдэл

  • Onon says:

    Mash dajgvi ym bna anhlan suraltsagch nart

  • Шинэзаяа says:

    Зээлээр авч байгаа үндсэн хөрөнгийн зээлийн хүүг яаж бүртгэх вэ хариулж өгөөч

Сэтгэгдэл