Үйлдвэрлэгч, бөөний худалдаа эрхлэгчид түүхий эд, материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүн худалдан авах бүрдээ НӨАТ төлдөг.
Тэд өөрийн хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнээ цааш борлуулах үедээ худалдан авагчаас НӨАТ-ыг цуглуулна. Уг татварын төсөвт төлөгдөх хэсэг нь худалдан авагчаас цуглуулсан татвар, бэлтгэн нийлүүлэгчид төлсөн татварын зөрүү байдаг. Үүний үр дүнд аж ахуйн нэгж бүр өөрийн нэмсэн өртөгт НӨАТ-ыг төлдөг. Дор дурдсан жишээгээр үүнийг тайлбарлаж болно.
НӨАТ-н хуулийн 2016 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа найруулга.
Монгол Улсын Их хурлаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 07 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэнэ.
Уг хуульд албан татвар төлөгч (хувь хүн) болон хуулийн этгээдэд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасан төлбөрийн баримтыг заавал олгохоор хуульчилсан бөгөөд худалдаа эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийг татварын нэгдсэн системд холбогдсон байх, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т заасны дагуу стандартын шаардлага хангасан кассын машин,хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас,пос терминал машин хэрэглэхийг үүрэг болгосон болно.
Түүнчлэнхуулийн 17.3-т албан татвар суутган төлөгч нь дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: Үүнд
- 17.3.1.албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ;
- 17.3.2.бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно;
- 17.3.3.хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ;
- 17.3.4.албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бүртгэлийг холбогдох мэдээллийн санд оруулж, мэдээллийг 7 хоногт багтаан нэгдсэн системд илгээнэ” гэж заасан.
Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Стандартчилал, хэмжилзүйн газраас татварын нэгдсэн системд ашиглах төлбөрийн баримтын MNS 6529:2015 стандарт, татварын нэгдсэн системд холбогдон ажиллах төхөөрөмжийн MNS 6529:2015 стандартыг батласан бөгөөд Татварын албанаас хэрэглэгчийн системийн бүрэлдэхүүн болох кассын төхөөрөмжийг нэгдсэн системд холбох төлбөрийн баримтын хялбаршуулсан програм болон худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч этгээдэд зориулсан цахим төлбөрийн баримт хэвлэх программыг хөгжүүлж нэвтрүүлээд байна.
Албан татвар суутган төлөгч та дээрх татварын нэгдсэн системд холбогдсон кассын төхөөрөмж болон цахим төлбөрийн баримт хэвлэх программыг үйл ажиллагаандаа хэрэглэн бараа, ажил, үйлчилгээгээ борлуулахдаа татвар төлөгчид төлбөрийн баримтыг олгох боломжтой.
Хэрэв албан татвар суутгагч нь төлбөрийн баримт олгоогүй бол Татварын ерөнхий хуулийн 74.5.1-д заасны дагуу тайлант хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувиар, борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол 74.5.2-т заасны дагуу орлогын үнийн дүнгийн 20 хувиар торгуулийг тухайн тайлант хугацаанд төлбөл зохих албан татвар дээр нэмж төлөх хариуцлага хүлээхийг анхаарах хэрэгтэй юм.
Сэтгэгдэл