Нийгмийн даатгал гэж юу вэ?
Нийгмийн даатгал гэж даатгалын сан бүрдүүлж, уг сангаас даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болоход өөрт нь, даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нь тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгч эрсдэлээс хамгаалах арга хэмжээг хэлнэ.
Даатгуулагч гэж хэн бэ?
Хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг хэлнэ.
Нийгмийн даатгалын шимтгэл гэж юу вэ?
Нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ.
Тэтгэвэр гэж юу вэ?
Даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.
Тэтгэмж гэж юу вэ?
Даатгуулагчид хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.
Төлбөр гэж юу вэ?
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 буюу түүнээс дээш хувиар алдсан даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нөхөн олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээний үнэ, рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчний сувиллын газрын үйлчилгээний хувьсах зардлыг хэлнэ.
Хуримтлалын сан гэж юу вэ?
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө болон тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нөөцөлсөн мөнгөн хөрөнгийг хэлнэ.
Нийгмийн даатгал хэдэн төрлөөс бүрдэх вэ?
Дараах 5 төрлөөс бүрдэнэ. Үүнд:
– Тэтгэвриин даатгал
– Тэтгэмжийн даатгал
– Эрүүл мэндийн даатгал
– Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал
– Ажилгүйдлийн даатгал
Нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хурээний талаар
Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.
Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан албан журмаар даатгуулна:
– Аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн,
– Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн
-Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч
-Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн
Ажил олгогч болон даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг ямар хувь хэмжээгээр төлөх вэ?
Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээ
Нийгмийн даатгалын төрөл | Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ | Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ |
Тэтгэврийн даатгал | 8.0 | 8.0 |
Тэтгэмжийн даатгал | 1.0 | 0.8 |
Эрүүл мэндийн даатгал | 2.0 | 2.0 |
Ажилгүйдлийн даатгал | 0.2 | 0.2 |
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал | 0.8, 1.8, 2.8 | – |
Шимтгэлийн дүн | 12.0, 13.0, 14.0 | 11.0 |
Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр хамрагдаж болно. Тухайлбал:
– Хувиараа хөдөлмөр эрхлэгч;
– Малчин;
– Газар тариалан эрхлэгч;
– Бичил уурхай эрхлэгч;
– Чөлөөт уран бүтээлч;
– Тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн;
– Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэн;
– Оюутан суралцагч;
– Бусад иргэн.
Сайн дурын даатгуулагч эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-тай байгуулсан гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, орлогоосоо дараах хувь, хэмжээгээр тооцон шимтгэлээ төлнө:
– Тэтгэврийн даатгалд-11,0%
– Тэтгэмжийн даатгалд-1,0%
– Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд-1,0%
Санамж: Сайн дурын даатгуулагчийн шимтгэл тооцох сарын орлогын доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна.
Нийгмийн даатгалын сангаас ямар ямар төрлийн тэтгэвэр тэтгэмж өгдөг вэ?
Тэтгэврийн даатгалын сангаас:
– Өндөр насны тэтгэвэр
– Тахир дутуугийн тэтгэвэр
– Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
Тэтгэмжийн даатгалын сангаас:
– Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
– Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
– Оршуулгын тэтгэмж
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас:
– Тахир дутуугийн тэтгэвэр
– Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
– Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
– Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр
– Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл
– Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг сувилах сувиллын газрын даатгуулагчийг сувилахад ногдох тусламж, үйлчилгээний хувьсах зардал
– Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал
Ажилгүйдлийн даатгалын сангаас:
– Ажилгүйдлийн тэтгэмж
– Сургалтын зардал
Эрүүл мэндийн даатгалын сангаас:
-Даатгуулагчид үзүүлэх амбулаторийн болон хэвтэн эмчлуулэх тусламж, үйлчилгээний зардал
-Эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх зардал
Нийгмийн даатгалд хамрагдах
Аж ахуйн нэгж, байгууллага нь Монгол Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авснаас хойш иргэнтэй хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлын байраар ханган цалин хөлс олгосон тохиолдолд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах үүрэгтэй.
Шинээр нийгмийн даатгалд хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
-Аж ахуйн нэгжийн гэрчилгээ
-Нийгмийн даатгалд хамрагдахыг хүссэн албан тоот
-Нийгмийн даатгалын тайланг НД-7, НД-8 маягтаар үйлдэх
-Тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төлбөрийн баримт
Даатгуулагч нь шинээр ажилд орж байгаа бол байгууллагын нягтлан бодогчоор дамжуулан нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ нээлгэнэ. Хуучин нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээтэй даатгуулагч үргэлжлүүлэн хөтлөлт хийлгэнэ. Хэрэв нийгмийн даатгалын дэвтэр дууссан бол байгууллагын нягтлан бодогчоор дамжуулан харъяа эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагаас шинээр дэвтэр нээлгүүлж авна.
Сайн дурын даатгуулагч:
Нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлэн оршин суугаа газрынхаа эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-д хандаж Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага болон даатгуулагчийн хооронд “Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай” гэрээ байгуулна.
-Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
-Нийгмийн даатгалын дэвтэр /дэвтэр байхгүй бол шинээр нээлгэнэ/
-Шинээр нийгмийн даатгалын дэвтэр нээлгэх бол 1 хувь цээж зураг
Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам
• Ажил олгогч нь даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ тооцон суутгаж тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын санд шилжүүлнэ.
• Хуанлийн жилд 7 сараас доошгуй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгуулллагад гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулсанд тооцно.
Ажил олгогч нь шимтгэл төлөх талаар ямар үүрэг хулээх вэ?
• Хөдөлмөрийн хөлсний сан, түүтэй адилтгах орлого болон түүнд ноогдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх
• Шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх
• Нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах
• Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бухий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх
Сэтгэгдэл